Бүтэц, зохион байгуулалт

Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл

Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл 1993 онд байгуулагдсан бөгөөд 2006 онд УИХ-аар шинэчлэн баталсан Шинжлэх ухаан, технологийн тухай хуулиар тус Зөвлөлийг Засгийн газрын шийдвэрээр байгуулан ажиллуулах, ШУТ-ийн үйл ажиллагаанд оролцогчдын төлөөллөөс бүрдсэн байх, төрөөс ШУТ, инновацийн талаар баримтлах бодлогыг тодорхойлж, түүний хэрэгжилтэд үнэлэлт өгөх, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах чиг үүрэгтэйгээр орон тооны бус гишүүдтэй ажиллахаар зохицуулж өгчээ. Тус зөвлөл нь ШУТ, инновацийн үйл ажиллагаатай холбоотой 14 болон бусад хууль тогтоомжид заасан чиг үүрэгтэй холбогдсон асуудлуудыг хэлэлцэн зөвлөмж гаргах замаар бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр заасан байна. Зөвлөл нь дор дурдсан асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргана:

  • Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн өнөөгийн түвшин, цаашдын чиг хандлага;
  • шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх төрийн бодлого, тэргүүлэх чиглэл, мастер төлөвлөгөө, үндэсний хөтөлбөр, Засгийн газрын захиалгаар хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслүүдийн санал;
  • шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагаа;
  • төрийн төв болон нутгийн захиргааны байгууллагын шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны тайлан, захиалсан төсөл, түүний үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж байгаа байдал;
  • суурь болон хавсарга судалгаа, шинжлэх ухаан, технологийн ололтыг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх үйл ажиллагаанд зарцуулах санхүүжилтийн асуудал;
  • шинэ технологи нэвтрүүлэх, тэргүүний технологи нутагшуулах чиглэлээр технологийн парк, инкубатор, тэргүүлэх зорилтын сүлжээ байгуулах асуудал;
  • шинжлэх ухаан, технологийн сангийн тайлан;
  • тухайн жилд улсын хэмжээгээр хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны нэгдсэн хөтөлбөр;
  • яамдын шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх асуудал;
  • шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлоготой уялдуулан шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх асуудал;
  • төрийн бус байгууллага, хуулийн этгээдээс хэрэгжүүлж буй төслүүд, тэдгээрийн шинжлэх ухаан, технологийн хөгжилд үзүүлэх үр нөлөө;
  • хэрэгжүүлж дууссан шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн байдал;
  • шинжлэх ухааны хөгжлийн олон улсын чиг хандлагатай уялдуулан эрдэм шинжилгээ, судалгааны шинэ чиглэлийг хөгжүүлэх асуудал;
  • эрдэм шинжилгээний байгууллагын бүтэц, зохион байгуулалт;

Засгийн газрын 2007 оны 146 дугаар тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн дүрэм”-ийн дагуу Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулж байна.

            Зөвлөлийн дүрэмд Үндэсний зөвлөлийн дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд, орлогч дарга нь шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байхаар заасан байсныг Засгийн 2018 оны 289 дүгээр тогтоолоор өөрчилж, Боловсрол, шинжлэх ухааны сайд тэргүүлэхээр болсон. 

“Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай” Засгийн газрын 2017 оны 27 дугаар тогтоолд оруулсан энэхүү өөрчлөлттэй холбогдуулан “Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн дүрэм”-д Засгийн газрын 2019 оны 140 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулан үйл ажиллагаагаа явуулж байна.

Зөвлөлийн бүрэлдэхүүн: Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 7.4-д “Зөвлөлийн бүрэлдэхүүнд Засгийн газар, шинжлэх ухааны академи, их сургуулиуд, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага, бизнесийн төлөөллийг оролцуулах бөгөөд орон тооны нарийн бичгийн даргатай байна.” гэж заасан. 

            Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 6 дугаар тогтоолоор Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Зөвлөлийн гишүүдийн 69 хувь нь төрийн захиргааны байгууллагыг, 13 хувь нь олон нийтийн байгууллагыг, 18 нь хувийн хэвшил, бизнесийн байгууллагыг төлөөлж байна.