Image

“Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулъя” аян Завхан аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

БШУЯ-наас санаачлан зохион байгуулж буй “Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулъя” аяны ээлжит арга хэмжээ 2023 оны 9 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Завхан аймгийн төв Улиастай хотноо Хөгжимт драмын театрын байранд амжилттай зохион байгуулагдлаа. Тус аян нь орон нутагт шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар баримталж буй төр, засгийн бодлого, шийдвэрийг сурталчлах, шинжлэх ухаан, технологи, инновацын соёлыг төлөвшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинжлэх ухааны шинэ мэдлэг, инновацын ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, орон нутгийг хөгжүүлэхэд нутгийн захиргааны байгууллага, шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, бэхжүүлэх зорилготой юм. Уг арга хэмжээнд Улаанбаатар хотоос БШУЯ, ШУТҮЗ, ШУА болон МУИС, ШУТИС зэрэг төрийн томоохон их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, гарааны компанийн төлөөлөл, Завхан аймгийн олон зуун иргэд идэвхтэй оролцлоо.

Аяны хүрээнд “Бүс нутгийн хөгжил, төлөвлөлт, гарц шийдэлбодлогын хэлэлцүүлэг зохион байгуулагдсан. Энэхүү хуралд Завхан аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын холбогдох газар хэлтсүүд, БШУГ, сумдын төлөөлөл, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгаа, иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллагууд, орон нутгийн иргэд оролцлоо.

Энэ үеэр инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулагдаж, 20 гаруй эрдэм шинжилгээний байгууллага, гарааны компаниуд эрдэм шинжилгээний ажлын үр бий болсон инновацын бүтээгдэхүүнээ нутгийн иргэдэд танилцууллаа.

Мөн “Засагт хан аймгийн Сартуул сэцэн засгийн хошуу: Түүх соёл” эрдэм шинжилгээний хурал хурал зохион байгуулагдлаа. Тус эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, МУИС-ийн Ховд сургууль, Архивын Ерөнхий Газар, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архив, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн Завхан аймгийн музей зэрэг байгууллагын эрдэмтэн судлаачид оролцон 30 гаруй илтгэлийг хэлэлцүүлэх юм.

Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны хүрээнд ШУТҮЗ-ийн шинжээч доктор С.Бат-Эрдэнэ Завхан аймгийн Шинжлэх ухаан технологийн салбар зөвлөлийн холбогдох хүмүүстэй Засаг даргын тамгын газарт уулзалт хийж ШУТҮЗ-ийн салбар зөвлөлд тулгамдаж буй асуудал, Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, салбар зөвлөлийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.