Image

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ, БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНААС ЦАХИМ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөл санаачлан Боловсрол, шинжлэх ухааны яам, ШУТСантай хамтран 21 аймаг, нийслэлийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга, шинжлэх ухаан, технологи, инноваци, дээд боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалт хариуцсан мэргэжилтэн, Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, гишүүдэд зориулсан цахим семинарыг амжилттай зохион байгууллаа.

Семинарын арга хэмжээний хүрээнд аймаг, нийслэлд тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухаанчаар шийдвэрлэх, бодлого үйл ажиллагаанд тусгах, шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, аймаг, нийслэлийн ШУТ-ын салбар зөвлөлийн үйл ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлэх, тус чиглэлд эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт амжилттай хэрэгжүүлж буй сайн туршлагын талаар санал солилцлоо.

Тус семинар нь оролцогчдын цаашдын үйл ажиллагаанд арга зүйн зөвлөгөө өгөх, хамтын ажиллагааг тогтмолжуулах чиглэлээр зохион байгуулагдаж буй арга хэмжээ бөгөөд ШУТҮЗ-ийн Нарийн бичгийн дарга С.Мөнхбат, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, ахлах шинжээч Ц.Намчинсүрэн, шинжээч Б.Урьболд, ШУТСангийн захирал Д.Одгэрэл, ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Баяртунгалаг, ХААИС-ийн захирал О.Баатарцогт, Орхон аймгийн ШУТЗ-ийн орлогч дарга О.Ариунгэрэлт нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.