Image

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРЛЫН МЭДЭЭ

Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 6 дугаар тогтоолоор Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталснаар Үндэсний зөвлөлийн анхдугаар хурлыг 2022 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр цахимаар зохион байгууллаа. Хурлыг Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан удирдан явуулж, “Шинжлэх ухаан, технологийн салбарын шинэчлэлийн бодлого, зорилт, 2022 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ” “Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл, яамдын салбар зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах, чадавхыг бэхжүүлэх, Үндэсний Зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”, “ШУТСангийн 2020-2021 оны үйл ажиллагааны тайлан, сангийн хөрөнгийг зарцуулах журмын төсөл”-ийн талаар хэлэлцэж, дараах зөвлөмжийг гаргалаа. Үүнд:

    Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт хийхээр төлөвлөгдөж буй бодлого, эрх зүйн шинэчлэлийн үйл явцыг эрчимжүүлэн нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангахад дэмжлэг үзүүлэх,
    Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах, яамны шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлүүдийг чадавхжуулж, шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлэх чиглэлээр хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлж, зөвлөлүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоог сайтар хангаж ажиллах,
    Шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудлаар зөвлөх чиг үүрэг бүхий шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийг аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд байгуулж, үйл ажиллагааг жигдрүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, шаардагдах зардлыг орон нутаг, нэгжийнхээ төсөвт тусган шийдвэрлэж, хэрэгжилтийг хангах,
    Орон нутагт шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагаанд оролцогчдын уялдаа, холбоог хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, өөрийн орон нутгийн уугуул эрдэмтдийг судалгаа хөгжүүлэлтийн ажилд татан оролцуулж хүч нөөцийг нь орон нутгийн хөгжилд дайчлах, шинэ санал, санаачилгыг дэмжих,
    Инновацийн тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт, үр дүнг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулах,
    ШУТСангийн хөрөнгийг зарцуулах журмыг хууль тогтоомжид нийцүүлэн батлуулах

Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хавсралтаар батлан хэрэгжүүлэхээр тогтох нь зүйтэй гэж үзлээ.

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ